Tuesday, February 1, 2011

Айл бүрт нэг архичин, нэг бөө, нэг сүлжээний бизнесчин

Өнөөдөр news.mn дээр "Дуучин Ариунаа бөө болох гэнэ" гэсэн бичлэг нүдэнд өртлөө. Надтай адил олонхи монголчууд үүнийг уншаад нэг их гайхаагүй л болов уу. Харин доор нь бичээтэй байсан хүмүүсийн сэтгэгдэл дундаас хэн нэгний "Айл бүрт нэг архичин, нэг бөө, нэг сүлжээний бизнесчин байдаг боллоо доо" гэж бичсэн нь эхэндээ надад инээдтэй санагдсан ч аажмаар нүүрэн дэх инээмсэглэл маань -Нээрээ л гашуун үнэнийг хэлчихээ юу даа гэсэн бодол дунд замхарч энэхүү бичлэгээр бодлоо илэрхийлэхэд хүргэлээ.
Заа байз манайд юу билээ гэж бодлоо. Ах нар маань архинд дуртай. Ер нь л ах дүүс, ойр дотныхонд маань архинаас болж амьдралаа үрж яваа /үрсэн/ жишээ нэг бус байгаа л юм байна. Ганцхан манайханд ийм юм болов уу гэж бодоод арай ойр мэдэх найз нөхөд, садан төрлөө "шүүлээ". Тэгсэн байнаа байна. Яалт ч үгүй нэг айлд нэг архичин ноогдохуйц үзүүлэлт гарч байна. Тэртэй тэргүй архины тухай бид хангалттай ярьж бичиж байгаа болохоор энд би нуршаад яахав. Ганц юм зөвлөхөд уншигч та архины тал дээр өөрийнхөө бус бусдын алдаан дээрээс суралцаарай.





Сүлжээний бизнес... Ээж маань 60 гарсан хөгширч л яваа эмэгтэй. Одооноос хэдэн жилийн өмнө эмний сүлжээнд орсон гээд л гэрээр нэг эм овоолчихсон сууж байсныг нь санаж байна. Гишүүн болох гэж чамгүй мөнгө өгснийг нь дуулаад би бухимдаж л байлаа. Дараа нь хэдэн эмээ зарсан ч юмгүй хэрэгтэйг нь хэрэглээд хэрэггүйг нь "хүнд бэлэглээд" таарсан байх. Одоо бол таг л байна. Бодвол "бизнес" нь бүтээгүй юм байлгүй дээ хөөрхий. Эхнэрийн маань дүү, дүүгийнх нь хадам, хадмын маань эгч, дүү гээд л тоочоод байвал мундахгүй их "сүлжээчин" миний эргэн тойронд байгаа л юм байна.

Бизнес хийж мөнгө олох гэж яваа хүмүүсийн оролдлогыг буруутгах юу байхав. Гагцхүү ямар ч бизнес сэтгэлгээгүй, мэдээлэл муутай хүмүүст мөнгө олох гэсэн хэсэг нөхөд "хөөрхөөн тархийг нь угаагаад" элдэв хэрэгтэй хэрэггүй бараа, бүтээгдэхүүнээ "шахаад" суух нь хир ёс зүйтэй байдаг юм бол?! Авгай хүүхнүүдийн амнаас ам дамжиж өргөждөг, тогтвортой үйлчлүүлэгч гэж бараг байдаггүй, анхнаасаа ирээдүй муутай харагдах иймэрхүү бизнест бусдыг татаж оруулахыг би л лав "луйвар" гэж хэлнэ.

Хүмүүс нь эрүүл саруулаар сэтгэж чадахаа байчихсан, эсвэл ирээдүйд итгэх итгэл нь алдраад ямар нэг далдын хүч /хүслийг биелүүлэгч шидэт дохиур, лонхноос гарч ирдэг бирд шиг л/-ийг шүтэх болсон орчинд худал хуурмаг, хууран мэхлэгчид хамгийн их хүчээ авдаг гэж би боддог. Сүүлийн хэдэн жилд Монголд өрнөсөн "бөөжих" үйл явц үүний нэг нотолгоо гэлтэй.

Сүсэг бишрэл гэдэг хүний салшгүй мөн чанар. Гэхдээ үүнд хэмжээ хязгаар гэж байх учиртай. Аливаа шашин, шүтээн нь тухайн хүний сэтгэл санааг ариусган засаж, сэтгэл зүйн хувьд хүчтэй байхад нь тусладаг гэж би ойлгодог. Түүнээс биш манайхан шиг хамаг амьдралаа засал, ном төдийхөнд даатгачихаад санаа амар явах нь үнэнд байдалд хир нийцэх вэ?!

Хадмын маань ойрын хамаатан нэг эгчийг нэг бөө нөхөр, -Чи бөөгийн удамтай юм байна. Надад шавь орж онгодоо буулгаж ав энэ тэр гэсэн байдаг. Үгүй бол 3 хүүхдийн чинь нэг нь үхэх болно гэж сүрдүүлэхээ ч мартаагүй байна билээ. Цаадахь нь шаналсан амьтан ах дүүсээрээ цуглаад л яах ийхээ шийдэж ядан бөөн зовлон. Энэ бол миний гэрч болсон жишээ. Иймэрхүү "хөгийн" /миний үнэлэмж шүү/ дүр зураг хаа сайгүй бий гэдэгт би эргэлзэхгүй л байна.

Өнөөдрийг хүртэл би бөө нарын тухай сайн юм сонсож байгаагүй ээ. Их л сайндаа нэгнийхээ хийсэн хараалыг нөгөөх нь хариуллаа л гэж сонсож байсан юм байна. Хэрвээ таны ажил, амьдрал өөдрөг яваа бол хэн нэг бөө биш та л үүний гавъяатан нь гэж би бодно. Яахав үнэхээр "оригиналь" бөө нар байдаг л байх хэн мэдлээ. Гэхдээ л хүний сайн сайхны төлөө юм хийлээ гэж дуулддаггүй, сүсэг бишрэлтэй хүмүүсийг айлган сүрдүүлж, хэдэн цаасыг нь салгаж амьдардаг бөө нар хавьгүй олон биз.

Борооны дараахь мөөг шиг энэ их бөө нар бас л нэг нийгмийн үзэгдэл. Цаг нь болохоор хуурмаг нэгэн нь бидний амьдралаас арчигдах л болно. Тэдний зах зээлийг хумих үүднээс та тэдэн дээр очиж тархиа угаалгахгүй л байвал болох нь тэр.

Эцэст нь мөнөөх сэтгэгдлийг бичигчийн хийсэн дүгнэлт үнэний голыг олоод хэлчихээ юу гэлтэй. Уншигч та архи уудаггүй бол сайн л хэрэг. Бас би сүлжээний бизнес, бөө нарыг бүгдийг нь харлуулан муулах гэсэнгүй ээ. Болж бүтэхгүй байгаа хэсэгт нь шүүмжлэлтэй хандаж явдагаа хуваалцсан нь энэ байлаа.
Quantity : Add to Cart

No comments:

Post a Comment