Friday, February 11, 2011

Саальчин авна. Санаа нийлвэл амьдарна

http://topmedee.mn/Upload/News/thumb/Beautiful_farmer_girls_working_so_hard_2.jpg
Ийм зар бүтэн долоо хоногийн турш Эрдэнэтийн FM радиогоор явав. Сонссон бүхэн амаа даран аальгүйтэж элгээ хөштөл хөхрөлдөв. Эхлээд сонсоход инээдтэй ч гэсэн эргэцүүлж бодоход яах аргагүй амьдрал юм аа.

Мал малладаг нэг залууд саальчин хэрэгтэй байдаг. Сайн хань ч бас хэрэгтэй л байдаг. Сураг сонсох нь ээ, тэр хөгжилтэй зарын эзэн сүүний чиглэлийн овоо хэдэн үнээтэй тов хийсэн фермерч гэнэ. Эхнэр нь хаяад явчихаж. Хүрээ маягийн ганган авхай болж жийп унаж, зангиа зүүсэн нөхөр олж авахаар хот руу гараад өгчээ. Мөнгөтэй, баян, болж өгвөл тэгээд улстөрч нөхөр мөрөөддөг өнөө цагийн хүүхнүүдийн л нэг. Уулын мухарт хэдэн үнээний дэлэн шувтарч саарьтай гартай, салхинд гандсан царайтай явахыг хүсээгүй гэнэ. Тансаг харшид суун брэнд өмсөж, шоппинг хийж салон хэсч амьдрахыг мөрөөджээ.
Харин нөгөө муу нөхөр нь хэдэн үнээтэйгээ хадлан тэжээлтэйгээ зууралдаад уулын мухартаа бахь байдгаараа хоцорсон байж. Яаж ч хичээгээд ганцаараа 40 гаруй үхрийг маллаж сааж хоол ундтай явна гэдэг санасаны гарз болов. Тэгээд зар өгч. Нууж хаахыг мэдэхгүй үнэнээ л туучихаж. Тэгээд нутаг нугаар нэг шараа болсон нь тэр. Үнэнээ хэлсэн залуу нэг л өдөр саальчинтай бас санаа нийлсэн ханьтай болох нь мэдээж. Харин энэ зар монголчуудын дунд 1990 оноос хойш бий болсон сэтгэлгээний доголдлыг харуулах шиг санагдлаа. Нийгэм өөрчлөгдсөн цагаас хойш манайхан эмэгтэй хүүхэддээ аль болох дээд боловсрол олгохыг хичээж эхэлсэн. “Эмэгтэй юм энэ нь дээд боловсролтой болог. За эрэгтэй хүүхэд хаа ч алзахгүй ээ. Адаглаад нүх ухаж шороо зөөгөөд ч болов амьдарчихна.” Аав, ээжүүд ингэж л ярих болсон. Тэгээд хөдөөний эрэгтэй хүүхдүүд сургуулиа ч бүрэн төгсөлгүй мал дээр гарсан бол хотынхон 10 ангиа төгсөөд л ёстой нүх ухаж шороо зөөж эхэлсэн дээ. Харин 20 жилийн дараа өнөөдөр байдал ямар байгааг бид бүгдээрээ мэднэ.
Эрчүүд баргаараа харийн оронд хямд ажиллах хүч болон гарч эмс хүүхнүүд нь тэдний явуулсан мөнгөөр чанаргүй дээд боловсрол эзэмшсээр байгаа. Солонгос, Япон, Америк, Герман, Чех Польш гээд хаа сайгүй монгол эрчүүд боол мэт зүтгэж олсон хэдээ Монгол руу илгээж байгаа. Түүгээр нь охид хүүхнүүд учиргүй гангалж, машин тэрэг унаж аваад, дээд сургуулийн диплом өвөртлөн үнэртэй ус сэнгэнүүлэн ганхаж яваа шүү дээ. Үгүй гээч. Байчихаад бүр “Монголын эрчүүд унхиагүй, боловсролгүй “ гэж голоод жендер мэндэр ярин төр рүү зүтгэж байгаа. Ийнхүү хүйсээрээ түрээ баригчдын “арми” өдрөөс өдөрт өргөжиж хаа сайгүй л том ярьж пээдийсэн хүүхнүүд тамшаалж байгаа нь үнэн. Үгүй юм бол саальчин авч санаа нийлвэл амьдарчих гээд байгаа залуугийн бодит түүх юу өгүүлнэ вэ. Мал аж ахуйн орон байсан одоо ч бараг хэвээрээ байгаа Монголд саальчин олдохгүй, малчин залууд хань байхгүйн шалтгааныг өөрөөр тайлбарлах гээд оролд доо. Охид бүсгүйчүүд нь гоёж гоодон улстөрд хүч үзэхээр ханцуй шамлаж эрчүүд нь хар бор ажил хийх гэж гадагшаа экспортлогдож байгаа. Тэд хэний төлөө юуны тулд харьд худалдагдаж байгааг бүсгүйчүүд минь тайван суугаад бодоод үзээрэй. Эмэгтэй хүний авах идэх, гоёж гангалахын дон хэрээс хэтэрвэл юунд хүргэдгийг зах зухаас нь бид үзэж л байна. Гэр бүлээрээ гадаадад амьдарч байгаа хүмүүстэй уулзаад суухад эмс охид нь Монголдоо буцахыг хүсдэггүй нь мэдрэгддэг. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг үнэн бололтой. Хаана л хөнгөн дулаан, тансаг сайхан байна тэнд л бүсгүй хүн идээшин дасаж төрж өссөн нутаг орноо, төрүүлж өсгөсөн ижий ааваа ч умартдаг аж.
Харин эр хүн, эмээлт хүлэг хоёр л эх нутгаа санан эргэцэж элгэндээ эгшиж явдаг гэнэм. Эх орон, ижий аавдаа яаравч гэргий хүүхдийнхээ эрхшээлээр хичнээн олон аавын хүү хүний нутагт хар бор ажил хийн нугарч хугарч яваа бол доо. Тэглээ гээд сайн нэр зүүхгүй, сайхан амьдарлаа гээд сэтгэл цадахгүй. Өнөөх л тоостой борог хөдөөдөө, таана амтагдсан айргандаа, тарваганы махан боодгондоо сэтгэл татагдавч хувь заяаны эрхээр ажиллаж л, амьдарч л яваа байлгүй…
Ингэж бичлээ гээд хүүхнүүдийн уур хүрч байна уу. Тансаг харшид амьдарч, үнэтэй машин хөлөглөн, брэнд хувцас өмсөж, чамин салон хэсэхэд учир бий. Өөрийн хөдөлмөрөөр, чанартай боловсролоороо өндөрлөгт хүрсэн бүсгүйчүүдэд энэ нийтлэл үл хамаарна. Харин хань нөхрөө голон байж, хүйсээрээ түрээ барьж, хэтэвч зузаантай эрчүүдийг уургалах гэж гүйлдэн буй гэзэгтүүдэд зориулав. Ямар мөнгөөр, хэний хүчээр сургуулиа төгссөж боловсрол эзэмшчихээд юу ярьж яваагаа бодож үзэх ухаан богино жолоотнуудад байх л ёстой. Бид чинь ургийн бичигт хүртэл нэр дурдагдах төдий л үзэгдэнэ үү гэхээс “хээнцэр ганган хэлтэй амтай явсан юм“ гэж бичигдэнэ гэж үгүй. Чингис хаанаас хойш байнга эвдрэлдэн тэмцэж салж бутарч явсан Монгол улсыг түрхэн зуур ч атугай буцаан нэгтгэж амар амгалан байлгасан Мандухай хатны хөрөг зураг хүртэл түүхийн хуудсанд үлдээгүй гэдгийг санаарай. Бүсгүй хүн шуналаа тэвчиж, ааш аягаа хямгадаж явахгүй бол гэр бүлээ байтугай улс орноо самарчих гээд байх юм. Ажил байлаа гээд хийдэггүй тэгсэн атлаа баян амьдрахыг хүсээд монгол эрчүүдээ голоод яваа хүүхнүүд минь дээ, цаана чинь “Саальчин авна. Санаа нийлвэл амьдрана” гэнэ шүү.
Quantity : Add to Cart

No comments:

Post a Comment